Үндсэн агуулга руу очих
БНХАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН БАГШ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТУРШЛАГАА ХУВААЛЦЛАА.

БНХАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН БАГШ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТУРШЛАГАА ХУВААЛЦЛАА.

Сургалт · 2026.11.13

Монголын хөдөлмөрийн их сургууль, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Хөдөлмөрийн харилцааны их сургуулийн Хөдөлмөрийн харилцааны тэнхимийн эрхлэгч, менежментийн ухааны доктор Цянь Жичао (Qian Zhichao) 2026 оны 11 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд Монголын хөдөлмөрийн их сургуульд зочлон ажиллаж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр туршлага солилцлоо.

Зочин багш “Хөдөлмөрийн харилцааны онол, практикийн хөгжлийн тэргүүлэх чиг хандлага” сэдэвт лекцдээ хиймэл оюун, автоматжуулалт, алгоритмын удирдлагын хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө, хөдөлмөрийн бүтээмжийн үр өгөөжийг шударгаар хуваарилах, платформ хөдөлмөр эрхлэгчдийн эрхийг хамгаалах асуудлыг олон улсын туршлагад тулгуурлан танилцуулав.Мөн үйлдвэрчний эвлэлийн оролцоо, нийгмийн түншлэл, ногоон болон дижитал шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааны зохицуулалтын ач холбогдлыг онцоллоо.

"Судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа"Айлчлалын хүрээнд багш, судлаачдад зориулсан олон улсын өндөр зэрэглэлтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл бэлтгэх, хэвлүүлэх сургалт, семинар зохион байгуулав.Сургалтаар судалгааны сэдэв сонгох, шинэлэг тал, арга зүй, үр дүнг академик шаардлагад нийцүүлэн боловсруулах, олон улсын хамтарсан судалгааг хөгжүүлэх боломжийн талаар туршлага солилцлоо.

"Сургалтын арга зүй, оюутны оролцоо"Зочин багш кейсэд суурилсан сургалт, асуудал шийдвэрлэх арга зүй, нотолгоонд тулгуурласан дүгнэлт, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх сургалтын арга барилаас танилцуулав.Эдгээр арга нь оюутны идэвхтэй оролцоо, бие даан суралцах чадварыг нэмэгдүүлж, онолын мэдлэгийг практикт хэрэглэх боломжийг өргөжүүлэхэд чиглэж байв.

"Хоёр сургуулийн хамтын ажиллагаа"Айлчлалын үеэр хоёр сургуулийн удирдлага, багш, судлаачид хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн эдийн засаг, дижитал шилжилтийн чиглэлээр хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, багш, оюутны солилцоог хөгжүүлэх боломжийг хэлэлцэв.Мөн БНХАУ-ын Хөдөлмөрийн харилцааны их сургуулийн олон улсын сургалтын хөтөлбөр, суралцах боломж, элсэлтийн шаардлагын талаар мэдээлэл солилцлоо.Энэхүү айлчлал нь хоёр сургуулийн академик хамтын ажиллагааг бэхжүүлэх, багш, судлаачдын мэргэжлийн хөгжлийг дэмжих, олон улсын дэвшилтэт туршлагыг сургалт, судалгаанд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Бүх мэдээ рүү буцах